Tuesday, August 30, 2011

Baby Shower


Зарим орнуудад айл гэрт хүүхэд төрөхөөс өмнө эсвэл төрсний дараа Baby shower буюу хүүхэд угаах баяр хийдэг. Shower гэдэг үгийг монгол хэл рүү орчуулвал шүршүүр, хур бороо гэсэн утгатай бөгөөд Baby shower гэдэг нь жирэмсэн эх бэлгэнд дарагдах гэсэн утгыг илэрхийлдэг.
Гадаад орнуудад хийдэг энэ бяцхан баяр нь манай уламжлалт хүүхэд угаах ёслолоос арай өөр утгатай.

Дээр үед энэ нь зөвхөн айлын анхны хүүхдэд зориулж хийгддэг байсан ба уг баярт эрэгтэй эмэгтэй хүмүүс аль нь ч оролцдог байж. Энэ баярын цаад утга нь ээж болох гэж байгаа залуу эмэгтэйд бусад найз болон хамаатны эмэгтэйчүүд нь шинэ үүрэг хариуцлагатай нь холбоотой зөвлөмж болон өөрсдийн туршлагаас хуваалцах явдал байсан байна.  


Харин орчин үед зөвхөн жирэмсэн эмэгтэйн найзууд, ажлынхан болоод ойр дотны эмэгтэйчүүд оролцож шинээр мэндлэх гэж буй хүүхдэд бэлэг өгөх явдал дээр голлодог болсон учраас Baby shower-г жирэмсэн эмэгтэйн гэр бүлийнхэн зохион байгуулахаас илүү дотны найз нь зохион байгуулдаг болсон байна. Гэвч зарим газар хүүхдийн угаалгыг тухайн гэр бүлийн хамгийн ойр дотны эмэгтэй хүн, тэртусмаа төрөх гэж буй эмэгтэйн эмээ нь зохион байгуулдаг уламжлал одоо ч хэвээр хадгалагдсаар байна. 
Хүүхэд угаах баярыг зохион байгуулж буй хүн баяр болох газрыг сонгож, оролцох хүмүүст урилга хүргэх, хоолны цэс гаргах, баяр болох газрыг чимэглэх түүнчлэн баярын үеэр тоглож болох тоглоом, хүүхдийн төрөх өдрийг таах зэрэг хөтөлбөрүүдийг гаргадаг. 


Хүүхэд угаах баярт ихэвчлэн хөнгөн зууш, амтлаг нарийн боов, бялуу, десерт, коктейль зэргийг хэрэглэдэг бөгөөд хүүхэд угаах баярыг хэзээ болон хаана зохион байгуулах талаар нарийн тогтсон дэг журам гэж байдаггүй. Гэхдээ ихэвчлэн жирэмсний гурав дахь гурван сард (7, 8, 9дэх сар) тэмдэглэдэг. 


Уригдсан зочид баярт оролцохоор ирэхдээ жирэмсэн ээжид хүүхдэд хэрэглэгдэхүйц бэлэг авчирдаг. Бэлэгний хэмжээ ямар ч байж болох ба үүнд хүүхдийн живх, тоглоом, хүүхдийн хувцас, угж, зургийн цомог зэрэг жирийн зүйлс байхаас гадна зарим зочид бүр том ч бэлэг (хүүхдийн ор, хүүхдийн тэрэг г.м) өгдөг байна. Зочдын авчирсан бэлгийг жирэмсэн ээж ихэвчлэн тэдний нүдэн дээр задладаг. 


Уг баярыг манайд тийм ч их тэмдэглэдэггүй. Энэ нь монголчуудын "Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий" гэдэг ухагдахуунтай холбоотой байх. 
Эцэст нь бичлэгийг минь цаг зав гарган уншсанд баярлалаа, дараагийн удаа монголчуудын хүүхэд угаах ёслолын талаар оруулнаа.

No comments:

Post a Comment