Saturday, September 3, 2011
Хүүхдэд нэр өгөх монгол ёс
Хүүхдэд нэр өгөх ёслол нь орчлон дээр эрдэнэт хүний биеийг олж төрсөн гэр бүлийн нэгэн гишүүн, төр улсынхаа бяцхан иргэнийг аав ээж, дотно хүмүүс нь хүндэтгэн хүлээн авч насан туршид нь дуудах нэр алдрыг хайрлах ёсон бөгөөд хүүхэд угаах үйлтэй давхцаж явагддаг.
Хүүхэд угаах ёслолыг үйлдэхдээ хүүхдийн хүйг цөглөсний дараа буюу төрснөөс хойш зургаагаас долоо хоноод унасан газрынх нь шимт усаар угаан төрөл садныхаа хүрээнд ёслон тэмдэглэдэг.
Хүүхэд угаах ёслолын үед аливаа найрын адил идээ цагаалга, зоог шүүс, айраг тараг архи зэргийг бэлтгэн зочин гийчнээ дайлдаг ч хэт их ууж согтуурахыг цээрлэдэг. Гэрлэх хуримын ёслолтой адил хүүхэд угаах найрыг нар шингэхээс өмнө дуусгадаг. Мөн хүүхдийг эх барьж авсан хүнд ууц тавин хүндэтгэдэг ёсон бий. Хүүхэд угаалгын найр эхлэсний дараа үд дунд болохоос урьтаж товлосон цагт хүүхэд угаах ёслол үйлддэг. Хүүхдийг угаахдаа боож авсан ээж нь аагтай хар цай, шөлийг бүлээтгэн хүүхдийг угаадаг. Давстай шөлөнд үр будаа, арц хийж угаах нь нийт монголчуудын дунд ихээхэн дэлгэрсэн заншил юм. Ингэж угаах нь давсаар буртгийг цэвэрлэж, арцаар ариутгаж, үр будаа шиг өнөржин үржихийн билэг тэмдэг хэмээн үздэг.
Үүний дараа хүүхдийн аав нь боож авсан хүнд юмуу хамгийн ахмад хүндтэй хүнд хадаг барин хүүд нэр хайрла хэмээн хүсэхэд аз жаргалтай явахыг билэгшээсэн нэрийг өөрөө сонгон хэлэх эсвэл бэлтгэсэн ваартай будаанд бичиж хийсэн нэрнээс будааг шигшихэд ил гарсан цаасыг савхаар авч хүүхдийн чихэнд нэрийг шивнэн хэлэхдээ хүү бол баруун чихэнд, охин бол зүүн чихэнд нь гурван удаа шивнэдэг ёстой.
Нэрийг сонгохдоо тухайн хүүхдийн төрсөн жил, төрсөн сар, төрсөн гариг, төрсөн цагийн билэгдлийг анхаарч үзнэ. Хүүхдэд нэр өгөхдөө түүнд аз жаргал эрүүл энхийг билэгдэн ард түмний гоо сайхныг хүсэмжлэн түүний гоо сайхны таашаалыг илэрхийлсэн нэр сонгодог нь уламжлагдсан ёс байжээ. Харин хүнд муу, сонсголонгүй нэр өгдөг нь мухар сүсэг юм. Муу нэр өгөхөөр муу заяатай хүн эхийн хэвлийгээс төрөх ёсгүй.
Жинхэнэ монгол ёсонд хүүхдэд нэр өгөхөөс өмнө аав ээж нь ямар нэгэн хүнтэй ярилцаж зөвшилцдөггүй. Хүүхдийн эцэг нь миний төрсөн хүүхэд ийм нэртэй байвал миний удмыг ийм зэрэгтэй авч явна гэж дотоод итгэл үнэмшилдээ бодож нэрийг сонгодог байжээ. Ямар нэртэй байгаагаас тухайн хүнд эерэг юмуу сөрөг энерги бий болдог. Тийм учраас алдар цуутай хүмүүсийн нэрийг өгөхөөс болгоомжилон ханддаг. Хүн нэрийг голохгүй, нэр хүнийг голдог учраас нэрээ бүтэн авч яв гэж өвөг дээдэс маань захиж сургадаг.
(Монголын Үндэсний Радиогийн Монгол ёс заншил нэвтрүүлгээс)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment